Эрхэм хүндэт хэрэглэгч та ямар нэгэн саналт хүсэлт болон алдаа дутагдал байвал фасебүүк хуудсанд хандаж бидэнд мэдэгдэнэ үү. Таньд баярлалаа.

Аквариумын Загас Тэжээхэд Хэрэгтэй Зөвлөгөө!

  1. Хэрэв аквариум чинь 10л -ээс бага хэмжээтэй бол халаагуурыг битгий хэрэглэ. Хэрвээ халаагуур хэрэглэж байгаа бол авах хэрэгтэй, эсвэл аквариумаа томруул! 10л -ээс бага аквариумд халаагуур хийвэл загасаа маш удаан чанаж байна гээд ойлгочих.
  2. Саван, угаалгын шингэн, нунтаг ямар ч бодисоор аквариумын хэрэгсэл болон юуг ч угааж болохгүй. Маш хортой.
  3. Усаа сэлгэхгүйгээр удаж болохгүй. Хэрвээ удаан хугацаанд усаа шинэ усаар сэлгээ хийхгүй бол хортой бодис хуралдах, эрүүл бус орчин үүсч төрөл бүрийн усны өт, хорхой, замаг үүсч загасны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Загасны амьдрах хугацаа богиносоно.
  4. Аквариумын усыг зайлшгүй тохиолдолд л бүтэн солихоос, бусад тохиолдолд 10-30% тогтмол сэлгээ хийж байхад хамгалттай байдаг. 100% усаа солих нь буруу!
  5. Давстай усны Алиа загас буюу clownfish -ийг өөр загастай хамт тэжээж болохгүй!
  6. Өрөөнд цацдаг, эсвэл өрөөний агаар цэвэршүүлэгч үнэртүүлэгч нар маш хортой! Үүнд үнэртэй ус, цэвэрлэгч шингэнүүд мөн багтана. Эдгээр нь усанд орвол маш хортой!
  7. Нэг дор хэт их ус сэлгэх нь сөрөг дагавартай. Бага багаар ойр, ойрхон усаа сэлгэх нь үр дүнтэй. Хэт их ус нэг дор сэлгэснээр усны чинь химийн найрлагад маш ихээр өөрчлөлт орно.
  8. Савангаар угаасан, саван хүрсэн ямар ч зүйлийг аквариумдаа хийж болохгүй! Савандаж угаасан гараа угаасны дараа сайтар зайлж савангаа арилгаж байж гараа аквариумдаа хийж болно.
  9. Аквариумд гараа дүрсэн л бол гараа сайтар угааж хэвших хэрэгтэй.
  10. Гараараа загасны хоол барьж хооллохоос зайлсхийх хэрэгтэй.
  11. Загасаа хооллосны дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Загасны хоолноос алергитай болсон хүмүүс маш олон байдаг. Спиртийн орцтой гар ариутгагчыг хэрэглэж болно.
  12. Филтер дотроо нүүрс ашигладаг бол 4-8 долоо хоног тутамд сольж байх шаардлагатай. Удаан хэрэглэсэн нүүрс нь хуралдуулж авсан хортой бодисоо буцаагаад гаргаж эхэлдэг байна. Нүүрсээ гаргаж хаяхдаа уутыг нь хоослоод шинэ нүүрсээ уутанд нь хийгээд дахин хэрэглэх хэрэгтэй.
  13. Хэрэгцээгүй үед загасаа барихгүй байх хэрэгтэй. Загасыг шүүлтүүрээр барих үед стресс нэмэгдэх ба хайрсан дээр байдаг салст давхарга гэмтдэг. Энэхүү салст давхарга нь загасыг эрүүл байхад чухал нөлөө үзүүлдэг.
  14. Үхсэн загасыг аквариумаасаа шууд гаргаж байх хэрэгтэй. Үхсэн загаснаас өвчин үүсч, бохирдол нэмэгдэнэ.
  15. Үхсэн загасыг 00-доо хийж урсгахаас татгалзах хэрэгтэй. Үхсэн загаснууд ихэвчлэн өвчин тээгч байдаг. Тиймээс янз бүрийн халуун орны өвчин түүгээр дамжин тархах аюултай. Хогийн саванд хаяж сурах хэрэгтэй.
  16. Аквариумдаа давсыг хэтрүүлж хэрэглвэл загаснууд үхэх аюултай. Давс нь одоо хүртэл загасанд ашигтай, ашиггүй гэдэг талаар нотлогдсон баримт байхгүй. Тиймээс хэрэгцээгүй бол заавал давсыг хэрэглэх шаардлага байхгүй.
  17. Усанд ууссан давсны тун их бол цэвэр усны ургамалд сөрөг нөлөөтэй.
  18. Загасны өвчнийг ямар өвчин гэдгийг нь мэдээгүй байж тааж эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй. Хамгийн нийтлэг өвчнийг #8 -ийн шар савтай эм эдгээж чадна.
  19. Аквариумын загасны эмүүдийг хольж, нэг дор хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн заасан хэмжээнээс их тунгаар хэрэглэх нь сөрөг нөлөө үзүүлнэ. 2 төрлийн эмийг хэрэглэхдээ дунд нь 30-60 минутын зайтай хийгээрэй.
  20. Өөр төрөл зүйлийн загаснуудыг хамт тэжээхээс татгалзах хэрэгтэй. Жишээ нь сиклид загасыг тропикал нийтийн аквариумын загастай тэжээхгүй байх хэрэгтэй. Том загасыг жижиг загастай хамт тэжээхгүй байх хэрэгтэй. Махчин загасыг энгийн загастай мөн хамт тэжээхгүй байх хэрэгтэй.
  21. Дэлгүүрээс юм авахаасаа өмнө өөртөө хэрэгтэй эсэхээ сайн судалж үзэж авах хэрэгтэй.
  22. Загаснуудаа нэг дор бөөнөөр нь шинэ аквариумд хийхгүй байх хэрэгтэй. Цөөн, цөөнөөр нь долоо хоногийн зайтай нэмэх нь зүйтэй. Шууд нэг дор биологийн орчин нь үүсч амжаагүй аквариумд олон загас хийснээр шинэ авсан загаснууд чинь нэг, нэгээрээ үхээд урмыг чинь хугалах болно. Тэвчээртэй бай!
  23. Хэрэв анхлан тэжээж эхлэж байгаа бол багаас нь эхлэх хэрэгтэй. Тэжээж сурсан хойноо том загас, олон загас тэжээхийг зөвлөж байна.
  24. Аквариумын ургамалуудыг 00-доо хийж урсгахгүй байх шаардлагатай. Эдгээр аквариумын ургамалууд манай улсад ургадаг ургамалууд биш учраас гол усанд хаяхгүй байх нь зүйтэй.
  25. Байхгүй байснаа гэнэт дунгууд гараад ирдэг амьтад биш. Дунгийн өндөг дэлгүүрээс авсан ургамалын навчин дээр байснаас юм уу энд тэндээс дун аквариумд чинь орсоноос үржиж эхэлдэг. Зарим дун усны чанарыг сайжруулахад сайн нөлөө үзүүлдэг ба ургамалыг цэвэрлэдэг. Зарим дун ургамал идэж, устгаж ямар нэгэн сайн нөлөө байхгүй байдаг байна.
  26. Хэрвээ аквариумд чинь том өт хорхой харагдвал авч хаяж байх хэрэгтэй,
  27. Халаагуурууд нь тогонд залгаатай байх үедээ уснаас ил гарвал шатах, хагарах, зэврэх янз бүрийн аюултай. Тиймээс усаа сэлгэж багасгах үедээ халаагуураа байнга шалгаж байх шаардлагатай. Шаардлагатай бол халаагуураа унтраах хэрэгтэй.
  28. Чи мал, амьтны эмч биш учраас ямар нэгэн шархтай, гэмтэлтэй, өвчтэй загасыг битгий худалдаж аваарай! Загасаа авахаасаа өмнө сайтар ажиглаж, янз бүрийн таалагдахгүй шинж тэмдэг байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв сэлэхдээ сонин сэлдэг, усны мандал дээр агаар залгилж байгаа, хайрган дээр байнга хэвтэж байгаа, гэдэс нь хэт томорсон, гэдэс нь татаж турсан, нүд нь цайрсан, бие дээр нь янз бүрийн юм гарсан гэх мэт янз бүрийн өөрт чинь таалагдахгүй шинж тэмдэг ажиглагдвал тэр загасыг худалдаж авахгүй байх хэрэгтэй.
  29. Аквариумын шилийг тогшиж, тоншихгүй байх хэрэгтэй! Загаснуудаа стрессдүүлж, айлгаж үргээхээс зайлсхийж байх хэрэгтэй.
  30. Аквариумыг цонх болон паартай ойрхон байрлуулахгүй байх хэрэгтэй. Огцом халах аюултай байдаг. Монголын нөхцөлд паарны дулаан тогтмол биш байдаг учраас үүнийг анхаарах хэрэгтэй.
  31. Шинэ аквариумаа бэлдэж дуусав уу үгүй юу нэг дор маш олон загас худалдаж авахаас зайлсхийх хэрэгтэй! Цөөн, цөөнөөр нэмэх хэрэгтэй.
  32. Аквариумын гаднах шилийг шил арчигч шингэнээр арчиж болохгүй!
  33. Загас нь жижиг дээрээ хөөрхөн харагдаж байгаа болов ч зарим төрөл нь маш томордог гэдгийг анхаарах хэрэгтэй.
  34. Дотроо устай аквариумын усыг заавал асгаж дууссан хойно нь өргөж байх хэрэгтэй.
  35. Аквариумын татлаганаас өргөж болохгүй! Ёроолоос нь өргөж байх хэрэгтэй.
  36. Худалдаж авсан загасаа аквариумдаа хийхээс өмнө заавал дасгах хэрэгтэй. Усны чанарын хэт их өөрчлөлтөөс болж загас шууд үхэх аюултай. Жишээ нь усны дулааны огцом өөрчлөл, усны шүлтлэг, хүчиллэг орчин гэх мэт...
  37. Дэлгүүрээс авсан ууттай загасаа тэр чигээр нь аквариумдаа хийж болохгүй. Усанд нь юу ч байж мэднэ. Тиймээс загасаа шүүж аквариумдаа хийж байгаарай.
  38. Загасны биед гараараа хүрэхээс татгалзах хэрэгтэй. Хүний биеийн дулаан загасныхаас хамаагүй өндөр ба зарим төрлийн загас биед нь хүрэхэд түлэгдэх ч тохиолдол байдаг.
  39. Загасанд гараараа хүрэх тохиолдолд гараа заавал норгож байгаарай. Хуурай гараар хэзээ ч хүрч болохгүй!
  40. Крантны усыг шууд хэрэглэж болохгүй. Заавал хлоргүйжүүлэгч, хлормин арилгагч хэрэглэж сураарай.
  41. Аквариумдаа тагтай байх хэрэгтэй. Зарим загас үсэрч аквариумаас гарах аюултай.
  42. Хэрвээ загаснуудаа тогтмол хооллодог бол заримдаа 1-2 хоногоор хоол өгөхгүй байхад зүгээр. Энэ нь тэдний хоолны шингэцэд сайн нөлөө үзүүлнэ. Мөн усны чанарыг сайжруулна. Жишээ нь филтерээ цэвэрлэсэн, усаа сэлгэсэн өдрөө хооллохгүй өнждөг байхад болно.
  43. Шинээр аквариумдаа загас хийсэн бол 4-6 цаг битгий хооллоорой!
  44. Хэрэв усаа сэлгэсэн бол 4-6 цаг хооллох хэрэггүй. Маргааш нь хоолловол тохиромжтой.
  45. Төл загасыг өдөрт 4-5 удаа бага хэмжээгээр хооллох нь зөв!
  46. Эрүүл байгаа загас өгсөн хоолыг шууд иддэг. Энэ нь тэдний генд нь байдаг. Өгсөн хоолыг идэхгүй бол асуудалтай, эсвэл хэтэрхий их хоол идээд байвал идсэн хоолоо шингээж чадахгүй өвчин тусна. Тиймээс хооллохдоо анхаарах хэрэгтэй.
  47. Их хооллосноос бага хооллох нь эрүүл мэндэд нь тустай. Хэт их хооллох нь загас үхэх хамгийн том шалтгаан юм.
  48. Их хоол өгсөнөөр усны чанар маш түргэн мууддаг.
  49. Загатнаа өвчин туссан загас эдгэрсний дараа дархлаа тогтсон байдаг байна.
  50. Загатнаа өвчин болон бусад өвчнийг эмчилж аквариумдаа эм хийхдээ филтер дотор байгаа нүүрсээ гаргах хэрэгтэй. Эмчилж дуусаад шинэ, хэрэглэж байгаагүй нүүрсээр тавих шаардлагатай! Учир нь усанд хийсэн эмийг нүүрс шүүж цэвэрлэдэг.
  51. Хэрвээ филтер дотор нүүрс хийсэн бол усандаа загасны эм хийхэд, нүүрс нь эмийг ариутгаж загасанд ямар ч үйлчилгээгүй болгоно.
  52. Хүнсний зориулалтын давс болон иоджуулсан давсыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Зөвхөн аквариумд зориулсан болон нуурын давсыг хэрэглэвэл зохино.
  53. Аквариумдаа ус хийхээс өмнө хлор, хлорминыг заавал арилгаж байж хийх хэрэгтэй!
  54. Акваримдаа давс хийхээс өмнө аквариумд байгаа загаснуудад чинь давс хэрэгтэй эсэхийг шалгаж хэрэгтэй. Жишээ нь гахай соомнууд, алиа соомны төрлүүд, дунгууд нь давстай усанд амьдрах тохиромжгүй загаснууд.
  55. Өвчтэй загасны усыг сэлгэж байгаа бол 25-70% -ийн усыг сэлгэж болно.
  56. Эм хийхээсээ өмнө усаа сэлгээд, филтерээ цэвэрлээд, усандаа #4 -ийн ашигтай бактерийг зааврын дагуу хэрэглээд усныхаа чанарыг сайжруулахад анхаараад үзээрэй!
  57. Амьд хоолноос маш олон төрлийн өвчин авах магадлал маш өндөр байдаг.
  58. Загас нь хүйтэн цустай амьтан учраас халуун цустай амьтны гаралтай хоолыг байнга өгөхгүй байх нь зөв. Жишээ, үхрийн зүрхийг 7 хоногт нэг удаа маш багаар өгөх, эсвэл сардаа нэг удаа нэмэгдэл хоол болгон өгөх.
  59. Усны халуун, хүйтний зөрөөнөөс болж загас амархан хямардаг. Дэлгүүрээс загас авахдаа ямар хэмтэй усанд байгааг нь заавал харах хэрэгтэй. Өөрийн чинь аквариумын усны дулаантай ижил хэмтэй усанд байгаа загасыг авах нь зүйтэй. Гэхдээ гэртээ харин үед чинь усны хэмний өөрчлөлт гарсан байхыг санах хэрэгтэй. Иймд усандаа дасгаж хийх шаардлагатай.
  60. Ууттай загасаа ууттай чигээр нь аквариум дотроо амыг нь нээлгүй хийж, аквариумын усны хэм, уутанд байгаа усны хэмтэй ижил дулаантай болтол 20-30мин хүлээж усны хэмийг ижил болгоно.
  61. Ууттай загасны усан дээр аквариумаасаа ус хутгаж аваад бага багаар хийж загасыг шинэ усанд нь дасгах хэрэгтэй. Энэ алхамууд нь загасыг бага хямралд оруулахад хэрэгтэй, зайлшгүй мөрдөх ёстой алхамууд юм.
  62. Шинэ загасаа аквариумд хийхээсээ өмнө гэрлээ унтраа. Шинэ загас аквариумдаа дасаад 4 цаг орчим болсны дараа гэрлээ асаах нь шинэ загасанд орчиндоо дасах, бусад загастайгаа зохицож амьдрахад хэрэгтэй байдаг.
  63. Шинэ загасыг аквариумд хийхээсээ өмнө аквариумд байгаа чулуу, ваар, филтер, агааржуулагч зэргийн байрыг өөрчилж тавьж байгаарай. Ингэсэн нөхцөлд хуучин аквариумд байсан загаснууд шинээр орж ирсэн загасыг дарамтлах нь бага байдаг байна.
  64. Гэрт чийгшилт 60% -аас бага байхад ер нь айх аюулгүй байж болно. 60% -аас бага чийгшилттэй байхад мөөгөнцөр гэх мэт өвчнөөс айх аюул багатай байж болно. Гол нь гэртээ өдөр бүр цонхоо нээж агаарын солилцоо хийж байх хэрэгтэй.
  65. Унтлагын өрөө болон гал тогоонд аквариум байрлуулах нь буруу.
  66. Өвлийн нөхцөлд гэрийн чийгшилт 30-40% байх нь хамгийн тохиромжтой.
  67. Зуны улиралд гэрийн чийгшилт 60-80% байх нь хамгийн тохиромжтой.
  68. Мөн өөр нэг судалгаагаар өрөөний чийгшилт зуны улиралд 30-45%, өвлийн улиралд 45-55% байх нь хамгийн тохиромжтой гэж бичсэн байна. Аль зөв болохыг мэддэг хүн байвал энийг залруулаад өгөөрэй!??
  69. Чийгшилт үүсэх гол шалтгаан нь хоол хийх, цай чанах, усанд орох, хувцас угаах, гэрийн тэжээвэр амьтад, аквариум, гэрт олон хүн байх зэргээс болно.
  70. Өрөөний дулаан, аквариумын усны дулаан хоёрын зөрүү 5С хэмээс хэтрэхгүй байвал бага чийгшилт явагдана.
  71. Аквариумын усны гадаргууны харьцаа өрөөний шалны хэмжээний 2% байхад өрөөний чийгшилт хамгийн тохиромжтой байна. Жишээ нь, 40м2 өрөөнд хамгийн ихдээ 500литр ус байх нь тохиромжтой.
  72. Гэрт аквариумтай байлаа гээд ямар нэгэн аллергитай болсон тохиолдол бараг байдаггүй байна. Аквариумаас асгарсан ус гэх мэтээ тогтмол арчиж цэвэрлэж, хуурай байлгавал өрөөний чийгшилтээс болж янз бүрийн аллергитай болох нь батлагдаагүй байна.
  73. Дахин сануулахад гараа байнга савандаж угааж хэвшээрэй!

Нийтлэл бичсэн: Доржийн Эрхэмчухал

Төстэй нийтлэлүүд


Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

Наверх